Жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг “Хөрөнгөтөн” өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын хаалттай форумыг санаачлагч “Concept” стратегийн маркетингийн фирмийн Гүйцэтгэх захирал С.Идэртэй ярилцлаа.
“Хөрөнгөтөн” гэж хэн бэ?
Хөрөнгөтөн, хөрөнгөтэй хүн хоёр бол тусдаа ойлголт. “Хөрөнгөтэй хүн” бол ямар нэгэн аргаар мөнгө олох чадвартай, тансаг сууц, машин, эд материалын цуглуулгын хэрэглэгч төдий юм. Харин “Хөрөнгөтөн” бол ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг өсгөх потенциалтай, өндөр өгөөжтэй, инновац суурьтай төслүүдэд хөрөнгө оруулах замаар нийгмийн баялгийн хуваарилалтыг удирдах хүчтэй хүн болон бүлэг хүмүүсийг хэлнэ. Хөрөнгөтний гаргасан шийдвэр зах зээлийг хөдөлгөж, таваарын үнэ, цалин хөлс, бизнесийн орлогод шууд нөлөөлдөг. Товчхондоо Хөрөнгөтөн бол эдийн засаг юм.
“Хөрөнгөтөн” форумыг яагаад зохион байгуулдаг вэ?
Монголын хөрөнгөтнүүд мэдлэг оюун, хөрөнгө чинээний хувьд хүчирхэгжих хэрэгтэй байна. Иймээс хөрөнгөтнүүд сайн дурынхантай биш ёс зүйтэй, топ экспертүүд, эрдэмтэд болон мэргэжлийн холбоодтой хамтарч ажилладаг систем бий болох ёстой. Хөрөнгөтөн форум нь жил бүр хөрөнгөтнүүдэд биржийн бус зах зээлээр дамжуулан тухайн жилийн топ төслүүдэд оролцох урт хугацааны, стратегийн шийдвэр гаргахад шаардлагатай хаалттай орчин нөхцөлийг бүрдүүлдэг.
2024 оны “Хөрөнгөтөн” ямар хөтөлбөртэй вэ?
Хөтөлбөр эдийн засаг, төсөл, инновац гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Манай топ эдийн засагчдын баг Макро эдийн засгийн шинжилгээний ажилдаа орсон. Хөрөнгөтөн форумд оролцох 300 хөрөнгөтний бүртгэл болон сонгон шалгаруулах төслүүдийн судалгаа өнөөдөр эхэлж байна. 2024 оны Хөрөнгөтөн форумд нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлсон стратегийн шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Хөрөнгөтөн форум: Өндөр шалгуураар сонгогдсон 300 хөрөнгөтөн хүрэлцэн ирж, Монголын топ эдийн засагчдын боловсруулсан Макро эдийн засгийн төлөв байдлын тайлан, эрдэмтэн профессоруудын бүтээж буй инновацууд болон эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхай, санхүү, технологийн секторын төслүүдтэй танилцдаг хаалттай форум юм.
Concept Strategic Marketing Firm: “Concept” бол санхүү, банкны системийн 20 орчим жилийн туршлагатай менежментийн баг бүхий стратегийн маркетингийн фирм юм. Бид санхүү, хөрөнгө оруулалт, технологи болон эрчим хүчний салбарт тэсрэлтэт шийдлүүд бүтээх замаар нийгэм, эдийн засгийн тогтсон хэм хэмжээг өөрчилж байна.